СИСТЕМ
Сайн байна уу та? Өглөөний мэнд.
Тэтгэвэр /тахир дутуу/
“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх
  • Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.
Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох
Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:
  • 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд
  • 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсанд тус тус тооцно.
Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ?
Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.
Жишээ:
Даатгуулагч “Б” тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.
  • 600 000 төгрөг х 48% (45% +(1.5% х(22 жил-20 жил))= 288 000 төгрөг нь бүрэн тэтгэвэрт ноогдох хэмжээ болно
  • Тахир дутуугийн тэтгэврийг дээрх ноогдох хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно
288 000 төгрөг х 60% = 172 800 төгрөг нь тахир дутуугийн тэтгэвэр болно Дээрх жишээгээр уг даатгуулагчид олгох тахир дутуугийн тэтгэврийн бодит дүн 172800 төгрөг болж байгаа хэдий ч Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251 000 төгрөг тул тэтгэврийг 251 000 төгрөгөөр тогтоож олгоно.
Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ?
Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.
Бүрдүүлэх материал:
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

 

© Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 он
  • Мэйл : uvs@ndaatgal.mn
  • Утас : 70452910 99451991 95091992
  • Факс : 70452910